Мэдээ

Токио-2020 олимпийн галт бамбар аяллаа эхлүүллээ

Токио-2020 олимпийн галт бамбар өнөөдөр/2021.03.25/ Японы зүүн хойд хэсгийн Фүкүшима аймгаас аяллаа эхлүүллээ.
Нээлтийн үйл ажиллагаа "J-Village" хэмээх Японы хөлбөмбөгийн шигшээ багуудын бэлтгэлийн талбайд эхэлсэн бөгөөд цар тахлын улмаас үзэгчгүй, цөөн тооны оролцогчидтой зохион байгуулжээ. Галт бамбарыг аялуулах эхний гүйгчдээр 2011 оны хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн ДАШТ-ий аварга Японы эмэгтэй шигшээ багийн гишүүд тодорчээ.

Японы 47 мужийн 859 хот, тосгодоор 10 мянга гаруй хүн галт бамбарыг аялуулж, ирэх долдугаар сарын 23-ны өдөр Токио хотын үндэсний цэнгэлдэх хүрээлэнд хүргэнэ.
Токио-2020 олимпийн наадмын зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Сэйко Хашимото нээлтийн үеэр “Дэлхий өнгөрсөн нэг жилийн хугацаанд хэцүү хүнд үеийг туулсан ч галт бамбарын дөл чимээгүй ч хүчтэй бадамлаж байна. Галт бамбар 121 өдөр аялаж, Японы ард түмний итгэл найдварыг тээж, дэлхийн иргэдэд энх тайвныг авчирна” хэмээжээ.
Мөн тэрбээр энэ үеэр галт бамбарын аялал олон хүнийг цуглуулаад эхэлбэл зарим хотуудад очихгүй мөн аялал түр зогсч болзошгүй гэдгийг анхааруулжээ. Иргэдийг онлайнаар 121 өдрийн турш галт бамбарын аяллыг үзэх боломжоор хангасан учир гэртээ байгаарай гэж уриалсан аж.
Олимпийн галт бамбарыг өнгөрөгч 2020 оны гуравдугаар сарын 12-ны өдөр Грек улсын эртний Олимпиа уулын бэлд асаасан бөгөөд бүтэн жилийн турш өндөр хамгаалалттай газар хадгалж, өнөөдөр ил гаргалаа.

Эх сурвалж: news.mn
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл