Мэдээ

“Нийслэлийн иргэн бүр идэвхтэй дасгал хөдөлгөөнд нэгдэцгээе” уриан дор цахимаар дасгал хөдөлгөөн зааж байна

Нийслэлийн спортын хороо нь Биеийн тамир спортын тухай хуулийн дагуу төрөөс баримтлах бодлого, цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг мэргэжлийн арга зүй, удирдлагаар хангах асуудлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулах үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг юм. Тус байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын талаар Нийслэлийн спортын хорооны Биеийн тамирын хөгжлийн хэлтсийн дарга А.Болдмаатай ярилцлаа.

-Нийслэлийн спортын хороо ямар үйл ажиллагаа явуулдаг талаар ярилцлагаа эхлэе?

-Манай байгууллага нийслэлийн есөн дүүрэгт салбар хороодтой. Нийслэлийн иргэддээ биеийн тамир, спортын үйл ажиллагааг хүргэж, төрөөс явуулж байгаа бодлогыг хэрэгжүүлж байна. Биеийн тамир, спортын газрууд иргэдийн эрүүл мэндийг бэхжүүлэх, иргэдийг идэвхтэй, дасгал хөдөлгөөнөөр хичээллэх боломж нөхцөлийг бүрдүүлэх мөн спортын арга хэмжээ, уралдаан тэмцээн зохион байгуулах үүрэгтэй. Нөгөөтэйгүүр үндэсний болон орчин үеийн спортын төрлүүдийг хөгжүүлэх, залуучуудыг спортоор хичээллүүлж, тэдний ур чадварыг дээшлүүлж амжилтыг ахиулахад чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулсаар ирсэн.

-Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээр иргэд багагүй хугацааг гэртээ өнгөрүүлж байна. Иргэдийг идэвхтэй хөдөлгөөнд уриалж ямар арга хэмжээ зохион байгуулж байгаа вэ?

-Нийслэл, дүүргийн биеийн тамир спортын хороодоос нийтийн дунд маш өргөн хүрээний ажлууд зохион байгуулдаг. Сүүлийн жилүүдэд иргэдийг аль болох идэвхтэй хөдөлгөөнд хамрагдаж болох төрлүүдээр нийтийг хамарсан томоохон арга хэмжээнүүдийг зохион байгууллаа. Энэ нь иргэдийн итгэлийг хүлээсэн, хүлээлттэй арга хэмжээнүүд болоод байна. Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнээс хойш бүх нийтийг хамарсан уралдаан тэмцээн зохион байгуулах боломжгүй, иргэд оролцох боломжгүй, тамирчид ч тэмцээн уралдаанд оролцох боломжгүй байгаа учир бид бүх үйл ажиллагаагаа цахимаар зохион байгуулж байгаа. Хоёрдугаар сараас хойш 200 гаруй дасгал хөдөлгөөнийг иргэдэд цахимаар хүргэсэн байна. Үүнд 90 гаруй мянган иргэн хамрагдсан. Мөн хүүхэд багачуудын спортын авьяасыг хөгжүүлэх зорилгоор дүүргүүдийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багууд ажилладаг. Нийслэлийн хэмжээнд хоёр мянга гаруй хүүхэд спортын 20 гаруй төрлөөр хичээллэж байна. Үүнд 80 гаруй багш, дасгалжуулагч хамрагддаг юм.

-Иргэд ууланд алхах, гүйх, унадаг дугуйгаар идэвхтэй хичээллэх болсон. Харин бүх нийтийн бэлэн байдлын үед боломжгүй байгаа. Тэгвэл спортын хорооноос иргэдийг идэвхтэй хөдөлгөөнд ямар байдлаар уриалбал зохимжтой вэ?

-“Нийслэлийн иргэн бүр идэвхтэй дасгал хөдөлгөөнд нэгдэцгээе” уриан дор нийслэлийн спорт хорооноос цахимаар дасгал хөдөлгөөн явуулж байгаа. Иргэдийн нас насанд тохирсон дасгал хөдөлгөөн явж байгаа учраас иргэд маань “Нийслэлийн спорт хороо” гэсэн пэйж хуудсаар орж өөрийн насанд тохирсон дасгал хийх бүрэн боломжтой. Мөн спортын төрлөөр хичээллэдэг хүүхдүүд тухайн төрлөөр багш нарын зааж байгаа хичээлд хамрагдах боломжтой байгаа. Коронавирусийн үед идэвхтэй хөдөлгөөн маш чухал. Иргэд хэдийгээр гэртээ байгаа ч өөрт тохирсон дасгал, хөдөлгөөнийг хийх нь чухал байна. Хөдөлгөөнгүй байснаар наад зах нь жин нэмэгдэх, хоол боловсруулах эрхтний хямралд орох, даралт ихсэх, сахарын өвчтэй болох зэрэг халдварт бус өвчний эх үүсвэрүүд нэмэгдэж байдаг.

Идэвхтэй дасгал, хөдөлгөөн хийснээр хүн эрүүл байх гол үндэс нь юм. Алхалт, гүйлтийг заавал гадаа гэхгүйгээр өөрийн нөхцөлд тохируулан гэртээ хийж болно. Хугацаа харж хөнгөн алхалт, шогшилтыг гэртээ хийж болдог. Бид спортын хороодтой хамтран төрөл бүрийн дасгалыг иргэдэд хүргэж байна. Хийн дасгалын холбооноос 8 тоот хийн дасгалыг эрүүл мэндэд чухал ач холбогдолтой гэж үзэн дэлхий нийтээрээ хийх, дадал суулгах ажлыг зохион байгуулж байгаа. Монголын хийн дасгалын холбооноос 8 тоот дасгалыг бүх насны иргэдэд зориулж цахимаар заасан. Манай цахим хуудсанд энэ дасгал байгаа. Иргэд үүнийг дагаж хийгээсэй гэж хүсэж байна.

Хөл хорионы үед бид хүүхдүүд, спортоор хичээллэдэг иргэдийн дунд цахимаар уралдаан тэмцээн зохион байгууллаа. Жишээлбэл Монголын гимнастикийн холбоо, үндэсний биеийн тамирын дээд сургууль “Лайд” клубтэй хамтран сургуулийн насны хүүхдүүдийн дунд аэробик, гимнастикийн цахим тэмцээнийг зохион байгуулж бид дүгнэсэн. Биеийн тамир, спорт хорооноос гуравдугаар сарын 14-нөөс дөрөвдүгээр сарын 21-ний хооронд цахим гүйлтийг зохион байгуулсан. Энэ цахим гүйлтэд нийслэлийн 7000 гаруй иргэн идэвхтэй оролцож “Страва” программыг ашиглан гүйсэн замаа оруулж уралдсан. Энэ программд хүний бие бялдрын чийрэгжилтийн түвшингийн  чанаруудыг сайжруулах дасгалууд байдаг.

Иргэд үүгээр хичээллэх бүрэн боломжтой. Мөн дүүргүүдийн спорт хорооны цахим хуудсанд хандаж асуулт асуух, дасгалууд авах боломжийг ханган ажиллаж байна.

-Хөл хорио дуусахаар ямар арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?

-Жил бүрийн тавдугаар сарын 3  дахь долоо хоногт Улаанбаатар марафон зохион байгуулагддаг. Олон улсын чанартай энэ тэмцээнд 30 гаруй мянган иргэн оролцдог юм. Иргэд маш идэвхтэй бэлтгэл, сургууль хийж гүйдэг. Мөн бид бүх насныханд тохируулж жил бүр дугуйн тэмцээн зохион байгуулдаг. Улаанбаатар марафоны үеэр төрөл бүрийн алхалт, аялал, дугуйн тэмцээнийг нийслэлийн төв зам дагуу зохион байгуулдаг. Бид Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран ажиллаж цаг агаар дулаарч байгаа энэ үед иргэдийг өглөө, оройн цагаар идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэх боломжийг хангахын тулд нийтийг хамарсан дасгалууд хийдэг. Өнгөрсөн жил дөрөвдүгээр сарын сүүлээс долоо дугаар сар хүртэл өглөө бүхэн иргэдийг уриалсан дасгал хөдөлгөөн хийсэн. Мөн дүүргүүдийн ерөнхий боловсролын сургууль, аж ахуйн нэгжүүдийн томоохон талбайд нийтийг хамарсан дасгал хөдөлгөөн хийж иргэд идэвхтэй оролцож байсан. Иргэд маш эерэгээр хүлээж авсан.

Сургуулийн болон цэцэрлэгийн насны хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан арга хэмжээ, ахмадуудад зориулсан тэмцээн уралдааныг бид хөл хорионы дараа зохион байгуулахаар төлөвлөсөн. Иргэдээ идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллээрэй, тамирчдаа бие бялдрын болон техник тактикийн бэлтгэлээ сайн хийгээрэй гэж уриалж байна.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл